Tuesday, December 3, 2013

Хатдын зураг

Есүхэй хатн
Хулан хатан
Мандухай цэцэн хатан

Есүй хатан

Мандухай цэцэн хатны намтар

Мандуул хаан Баянмөнх болох жонон хоёр эх захаа нэгдэн зургаан түмнийг мэдэж явав. Мандуул хаан хоёр хатантай ажээ. Их хатан нь Ойрдын Бэгэрсүн тайжийн охин их хамарт Юнгэн, бага хатан нь Энгүд Цоросбай төмөр чинсангийн охин Мандухай цэцэн хатан билээ.
Мандуул хаан Баянмөнх болох жонон хоёр эх захаа нэгдэн зургаан түмнийг мэдэж явав. Мандуул хаан хоёр хатантай ажээ. Их хатан нь Ойрдын Бэгэрсүн тайжийн охин их хамарт Юнгэн, бага хатан нь Энгүд Цоросбай төмөр чинсангийн охин Мандухай цэцэн хатан билээ. Тэндээс Мандуул хаан таван он болох 42 гахай жил халив. (1467 он)
Баянмөнх болох жонон хутагт Дэрстэй гэдэг газар Шихир тайхуугаас Даян хааныг хөвгүүлэв. Даян хааныг Балгагчны Багай нэрт хүнд өгөв. Түүний хойно Ойрдын Исман тайж довтолж Шихир тайхууг аваад мөн Исман тайж асрав. Жонон Борбугийн газар Булудай хоёулаа зугатааж явтал Еншөөвийн захын улсад хүрч, жонон хээр байж Булудайг үг ав гэж илгээв. Булудайн эгч нь золгож дүүгээ барьж эс тавив.
Жонон ундаасч хүлцэн ядаад айлд бууж айраг уухад нэгэн баяд охин жононгийн унасан цагаан шаргал морь, өмссөн хэрмэн дотортой магнаг дээл. алтан бүс тэр бүгдийг ажиглан суув. Жононг мордож явсны хойно тэр охин усны дэргэд олон хүн байхыг үзээд очиж хэлэв. Тийм атаатай нэг хүн үзэв гэв. Еншөөвийн таван отгийн Хэрэй Цагаан хоёр. Төмөр, Мөнх, хар Бадай эд бүгдээр гүйцэж жононгоос «Чи юун хүн бэ» гэж асуув. Жуулчин гэв. Алтан бүсээ ац гэв. Эс өгөв. Еншөөвийн хэдэн хүн Баянмөнх болох жононг цулбуурдаж бариад хороож барс жил тэнгэр болов. Еншөөвийн нэг гэм нь тэр гэх.
Даян хааныг муухан тэжээхийн дор Тангуудын төлөгчийн долоон хөвгүүн Төмөрхадаг ирж Багайд өгүүлрүүн: Энэ хөвгүүнийг сайн хүнд өг. Эсвэл надад өг гэж гуйхад эс өгөв. Түүний хойно Төмөрхадаг ах дүу долуулаа сайн улаан морио унаж ирээд булааж авч ирэв. Өчүүхнээсээ эцэг эхээсээ хагацсанаар Даян хаан бэтэг өвчтэй болсон ажээ. Тэр өвчнийг Төмөрхадагийн эм Сайхан хэмээх нь есөн түм цагаан тэмээний сүүгээр тэжээж гурван мөнгөн аяга цоортол илэн эмнэв. Тэр эмнэлэгт замаг мэт долоон хэсэг өвчин унаж сайн болов. Даян хааны нэг зовсон нь тэр болов. Түүний хойно Даян хааныг тангуудын Төмөрхадаг аваачиж Мандухай цэцэн хатны гарт хүргэв. Мандухай цэцэн хатан эртний хаадын өшөөг дурдаж үхэр жил цэрэг мордуулан явган цэргийг явуулж гурав хоносны хойно морь цэрэг авч мордов.
Мандухай цэцэн хатан
Сайвраар саадаглаж
Садарсан үсээ хурааж
Эр хүн шиг зэвсэглэн
Сайн Даян хааныг үхэг тэргэнд суулгаж мордов. Даян хаан балчир байв. Хишэгтэний Алиатунгаар газарчлуулж дөрвөн түмэн ойрдыг довтлоход Цэцэн хатны малгай нь унаж, хүзүүнд нь эгэлдэрлэж явахад Ойрдын хүн үзээд өөрийн малгайгаа өгөв. Хатаи аваад, хориглож давшуулж дөрвөн түмэн Ойрдыг дагуулав. Тас бүр дээр довтолж, дээд нь дээр байрлалдаж, тэнхрүүлэлгүй тосон даллага авч тэвчүүлэв. Зургаан түмэн улс Ойрдын нэг төрийг эндүүлэв. Түүний хойно Мандухай цэцэн хатанд Хорчины Ноёнболд:
Өн галыг чинь цахиж
Нутгийг чинь зааж өгсүү гэв
Мандухай цэцэн зарлиг болруун:
Хааны минь өвийг
Хасрын үр чи идэх буюу
Хасрын үр чиний өвийг
Бид идэх билүү
Өргөж үл болох үүдтэй билээ
Алхаж ул гарах босготой билээ
Хааны минь үр байтал
Чамд үл очно гэв

Түүнээс Хойно Алагчуудын Сатай доголонгоос үг асууруун: Ноёнболд өнгийн үг зөв буюу буруу буюу гэж асуув. Сатай доголон зөв байнам чи гэв. Хойно, хорлодын Мэнд өрлөгийн гэргий Жаахан агааас урьдах үгийг асуув. Жаахан ага хэлэв.
Хасрын үрд очвол
Хар мөр удирдан
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдъюу
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт ивээгдэж
Хамаг улсаа эзлэн
Хатан нэрээ алдаршъюу
Цагаа хөвгүүнд очвол
Цагаан мөр таталж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршюу

Жаахан ага энэ үгийг айлтгав. Мандухай Жаахан агагийн үгийг зөвшөөрч Сатай доголонгийн үгийг буруушаав.
Хааны урийг өчүүхэн гэж
Хамаг улсаа эзэнгүй гэж
Хатан биеийг минь бэлбэсэн гэж
Хасрын үрийг их гэж
Xамаагүй өгүүлэв гээд
Халуун цайг тэргүүн рүү нь асгав.

Мандухай цэцэн хатан Даян хаанд гурван давхар ултай гутлыг өмсгөж Алагчуудын үнэгийн алаг лонхот архийг авч найман цагаан ордны өмнө очиж гэрийн ноён Мэнгэн нуруугаар суут хаан хатны сүлдэнд сацал сацуулж Эши хатан өөрөө ийн өгүүлэв.
Хар цагааны зүсэн ялгагдахгүй
Хол газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасрын үрийг авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж
Хааны ордны дэргэд ирлээ би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөхөрч байна
Алаг морины зүс ялгагдахгүй
Алс газар бэрлэдэг билээ
Ач үрийг чинь өчүүхэн гэж /47/
Алсын авга авъя гэхэд
Арчлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирлээ би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нам гэж
Өөр хүнд очвоос
Өөдгүй нэр надад хоцрог
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлохгүй би
Болд андийг их гэж
Богтлогдож очихгүй би
Уурга чинь урт бишүү
Уургалж ав өчүүхэн намайг
Хуйв чинь уужуу бишүү
Хурааж ав өчүүхэн намайг
Хав хүч бүрдсэн
Хаан хөвгүүн төрж билээ
Хаан хөвгүүний чинь халив гэж
Хар биеэ мэдэж очвоос
Хаа гуяасаа хагацъя би
Эзэн богдоос минь
Эрхэс хөвгүүн төрж билээ
Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж
Эм хүн биеэ мэдэж очвоос
Эзэн хаан хатны өмнө
Эвдуулье би гэж
Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяагаа соёрхон
Хутагийг гуйж залбирсан нь
Энэ үгийг зөвшөөрөх болоосой
Эмэгтэй намайг өршөөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эши хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эвлүүлье гэж залбираад харив.
Хатны тэр зарлигийг сонсоод
Ноёнболд урьд үгээ байв
Даян хааныг Хулгурын голд
Долоон насандаа усанд унасанд
Шунгаж явсан Тангуудын
Айв төмөр нэрт хүн авсан гэх
Түүний хойно Батмөнх даян хааныг
Арван долоон насанд нь
Мандухай цэцэн хатан биеэ залгуулж
Тэр хутаг гуйсны хүчээр Мандухай цэцэн хатнаас долоон нуган ганц охин төрөв.

Хулан хатан

Хулан хатанXIII   зууны   үеийн   Монголын   түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлэг тэмдэг болгон олонтоо
гэмдэглэгдсэн нэгэн хүн бол Чингис хааны бага хатан Хулангоо юм. Хулгана
 жилийн намар/1204/ Хар талын үзүүр нэрт газар Мэргид /*/ аймгийн
Тогтоабухатэй Чингис хаан байлан, Сайрь хээр хэмээх газар Мэргид аймгийн
 үлдэгдэл хүчийг эцэслэн дарав.

    Увас мэргэдийн тэргүүн Дайр-Усун найрамдахыг эрмэлзэж өөрийн Хулан
нэрт гүнжийг Чингис хаанд хатан болгож өгчээ. Энэ тухай «Монголын нууц
товчоо»-нд  «Мэргид иргэнийг эзлэхэд Увас мэргэдийн тэргүүлэгч Дайр Усүн
 гэгч хүн «байлдах саналгүй гэж» өөрийн охин Хуланг Чингис хаанд
үзүүлэхээр авчирч явтал, амд тохиолдсон монгол
цэрэг саатуулах тул Бааридай Наяа ноёнтой Дайр Усүн учирч өгүүлрүүн: «Би
 энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна.» гэвэл, Наяа ноён
өгүүлрүүн: « Охиныг чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм
самуун цагт, тохиолдсон тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний
охинтой самуурах тул хоёулаа хамт очьё. Чи намайг гурав хоног хүлээ» гэж
  ятгаж хүлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Усүн хоёр, Хуланыг аваачиж
Чингис хаанд хүргэв. Хуланыг Наяа ноён, гэртээ гурав хоног хүлээлгэснийг
 Чингис хаан сонсоод маш хилэгнэж «Чи энэ Хуланг ямар учиртай гэртээ
хүлээлгэж байсан бэ?» гэж чангад тулган асууж, засаглан шийтгэх гэж
байтал, Хулан өгүүлрүүн: «Надад Наяа ноёны хэлсэн нь: Би Чингис хааны их
 ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргүүд самуурах
болзошгүй» гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангүй бол бид завсрын
цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишүү. Харин энэ Наяатай учирсан
минь сайн болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол,
тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбоды минь шалгаж үзтүгэй»
гэжээ. Бас Наяа ноён өгүүлрүүн:

«Хамаг олны эзэн

Хаан Чингис чамайг

Хайрлаж хүндлэхээс өөр

Хар санал надад үгүй.

Харь улсаас олзолсон

Хацар гоо хатад ба

Хатиртай сайн морьдыг

Хаан чиний юм гэж

Халдалгүй харж

Хавиралгүй сахидаг билээ.

Үүнээс өөр сэтгэлийг

Үнэхээр санасан буюу

Үйлдсэн зүйл байвал

Үхэхэд надад гомдолгүй» гэжээ. Чингис хаан, Хулан хатны үгийг зөвшөөрч,
мөн өдөр тэр даруй сорьж үзвэл, Хулан хатны өчсөн үг бас үнэн болсон тул
  «Үнэн үгтэй шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая» гэж өршөөж
соёрхов»/1/ хэмээн өгүүлсэн байдаг. Хулан хатан Чингис хаанд ирсэн түүх
энэ болой.


     Хулан гүнж төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн  гоо,
тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн ариун нандин тул Чингис хаан
түүнийг соёрхон таалжээ. Төрийн их хатан Бөртэ ч түүнийг талархан:

«Эрэг мөрөнд хун галуу олон гэнэм

Эрхийгээ чинэтэл намнахаа

Эзэн минь мэдэх буй заа

Энэ их улсад

Эмс охид олон гэнэм

Эрэн аваачихыг

Эзэн минь өөрөө мэднэм зээ... » хэмээсэн байдаг.(2)  Ийнхүү Хулангоо
хатан энэ үеэс их хатан Бөртэгийн удаах байрыг эзлэн суух болжээ. Чингис
 хаан Хулан хатандаа маш хайр халамжтай байжээ. Сайрхээрийн Харилду нэрт
 газар Чингис хаан тусгай орд өргөө байгуулсан ба түүнийг эрхэлж байсан
нь Хулан хатан бөлгөө.(З) Энэ ордныг «Алтан товч»-д: «Солонгодын барс
орд», «Юань улсын түүхэнээ: хоёрдугаар орд» гэж тус тус тэмдэглэсэн байх
 юм. Чингис хаан Хулан хатнаа Бөртээс дутуугүй хайрлан, эрхэмлэж байсан
бөгөөд хожим нь эзнийг таалал төгсөхөд Сөнидийн** Гэлүгэтэй   баатарын
харууслын шүлэгт

    «.. Хувилгаанаар учирсан Хулан хатан чинь»/4/ хэмээн Бөртэ цэцэн
хатны нэгэн адил түүнийг онцгойлон дурьдсан байдаг. Хулан хатан нь
эзнээс Хөлөгөн нэрт хүү***, Хөлүгэ нэрт гүнж төрүүлж, Чингис хааны
дэргэд байж, Баруун зүг Сартуул иргэнд дайлаар мордоход мөн дагалдан
явсан гэх бөгөөд энд нас нөхөцсөн тухай зарим нэг зохиолд цухас
тэмдэглэсэн байдаг.

    Манай түүхийн зарим сурвалжид Хулан хатны талаар зөрөөтэй мэдээ
байдаг. Тухайлбал, ХVII-ХVIII зууны үеийн монгол сурвалжуудаар дамжин
биднээ уламжлагдсан «Аргусан хуурчийн домог»-т Хулан хатныг «Солонгосын
гүнж» болгож бичсэн байдаг. «Аргусан хуурчийн домог»-т үнэн түүхийн
явдал ч бий, хожим нэмж зохиосон зүйл ч бас бий. «Лу Алтан товчид»:

    «..Бас суут Богд Чингис хаан наран ургах зүгийн Солонго улсад аялан
очтол, Үнэгэн мөрөн үерлэж, их цэрэг саатан суув... Солонгуудын Буха
Цагаан/****/ хаан Хулан нэрт охиноо өргөж .... Солонго улсад гурван жил
өөрийн нутгийг мартан суув.... Аргасун хуурч ихэд хичээнгүйлэн аргадан
ухуулан байж «Хотол их улсад нь эргүүлэн авчирсан тухай/5/ » өгүүлдэг нь
 ХV зууны сүүл үеэс ихэд дэлгэрсэн «Гэсэрийн тууж»-ийн нөлөөгөөр үүссэн
домогийн нэг хувилбар бололтой.

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн энэ тухай тэмдэглэхдээ: «... Чингис
хааны Хулан нэрт хатан нь Солонго (Гуулин) улсын гүнж бус Мэргэдийн
Солон (Солон барга) удмын хүн болох юм» гэжээ. Түүхч Сагансэцэн ч
«Эрдэнийн товч»-доо: «Солонгод мэргэдийн Дайр-Усуны Хулан нэрт охин»
хэмээн тодруулан бичсэн байдаг нь үнэнд нийцэх зүйл юм.

    Цагийг эзэлж, бүхнийг байлдан дагуулсан их эзэн Чингисийг өвдөг дороо   сөхрүүлсэн гоо үзэсгэлэн бол Хулан гоо хатан юм.

Ану хатан














Манж Чин улсаас бүх Монголыг эзлэн авах гэсэн  түрэмгий бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч Ойрадын  Галдан /1644-1697/-гийн  хамтран  зүтгэгч нь Монгол эх орон,  газар  шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн болсон Ану  байсан юм.
1671 оны орчим Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, түүний орыг дүү Галдан авч,  ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Далай лам түүнд «Бошогт» цол өргөмжилсөн тул Галдан Бошгот хаан хэмээн олноо алдаршсан.
Энэ тухай түүх сурвалжид тэмдэглэснээс үзвэл: “Галдан өөрийн эх Юм-Агийн  зөвлөснөөр Ануг гэргий болгосон аж. Энэ нь тухайн үедээ Ойрадын дотоодод хамгийн нөлөө бүхий хошуудын эзэн хүчирхэг Очирт цэцэн ханы дэмжлэгийг авах нь юу юунаас илүү чухал байсантай холбоотой, ач охин Ануг нь хатнаа болгосон бололтой.
Эл үед Хошууд аймаг энэ үед хуваагдмал байдалтай болж зүүн жигүүрийг захирах болсон дүү Аблайн эсрэг тэмцэлд Ойрадын ханаас тусламж авахыг Очирт сэцэн хан ч ихэд эрмэлзэж байсан тул Ануг Галданд гэргий болгон өгөх зэрэг хоёр талын улс төрийн шалтгаанууд харилцан нэгдэн нийлжээ.
   Зарим зохиолд Ану бүр хүүхэд ахуй цагтаа Галдантай ойр дотно байж, Очирт сэцэн ханы өргөөнд өссөн тухай зарим нэгэн зохиолд тэмдэглэсэн байдаг. Энэ мэдээг үндэслэвэл Галдан  нэгэнт Төвдөд шавилан суух болсон  ба шашин номын хүн тул гэрлэж болохгүй байсан тухайн үеийн ёс журмын дагуу Сэнгийн хатан болсон бололтой. Харин хожим Галдан бошогтын хатан болжээ. Үүний дараа Зүүнгарын дотоодод тогтворгүй байдал бий болж Сэнгэ хунтайжийн орыг түүний дүү Галдан нь залган авч хаан ширээнд суусан байна.
Монголчуудын ёсонд “Залгамал ураг” байсан тухай  түүхч Д.Энхцэцэг <<Монголын нууц товчоо ба Эмэгтэйчүүд>> номондоо өгүүлсэн байдаг ба энэ нь монголчуудын эртний ёсонд хэрэв нэгэн язгууртан хүмүүн нас барвал түүний хатныг нь дүү нь юмуу ах нь авч залган урагладаг байв. Магад энэ ёсоор Сэнгэ хунтайжийг нас барсны дараа Ануг Галдан бошигт хаан хатан болгож авсан байж болох юм. Мөн зарим зохиолчдын бүтээлд Юм Агас хатан Анугийн сайн мууг шинжлэн үзээд хөвгүүн Галдандаа ахынхаа эхнэр Ануг хатан болгож авахыг зөвлөсөн ч гэж  бичсэн нь буй.
   Ану хатны тухай эх сурвалжид дурьдахдаа зарим тохиолдолд Очирт цэцэн хааны охин гэж, заримд нь Очирт сэцэн хааны хүү Галдамаа Баатарын охин, өөрөөр хэлбэл Очирт сэцэн ханы ач охин гэсэн зөрүүтэй  тэмдэглэсэн байдаг. Хэдий тийм боловч Ану хатны тухай мэдээ тун хомс, тусгайлан тэмдэглэж үлдээсэн зүйл байхгүй, ямар нэг үйл явдалтай холбогдуулан цөөн хэдэн нэр, үйл явдалд дурьдсан байдаг. Мөн Манжийн үеийн албан бичиг зэрэгт  нэр нь дурьдагдсан байдаг.  “Богд Чингис хааны уг, дөрвөн Ойрадын уг, Хошуудын угийн түүх бичиг” хэмээх  монгол түүхэн сурвалж  болон Ч.Далай, С.Цолмон зэргийн түүхчид Ануг Очирт цэцэн ханы хөвгүүн Галдамаа баатарын охин гэж үзжээ.
   Бошогт хааны хатан Ану түүний нэгэн насны хань гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар «дайчин нөхөр нь» болж байжээ.
   1674 онд өвөг эцэг Очирт сэцэн хан Галданд үл итгэх болж, хааны харъяат хүмүүсийг хураан авч, Галдангийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж, эцэст нь бут цохигдсон байдаг. Бошогт хааны цэрэгт цохигдон Иль өөд зугтан одсон үед ч Ану хатан өвөг эцгийн ятгалгыг үл сонсон Бошогт хааны дэргэд үнэнч хэвээр байжээ. Галдан Манж Чин улсад эзлэгдсэн Өвөр, Ар Монголоо буцааж авахын тул Чин улстай дайтсан билээ. Гэвч, Галдангийн цэрэг олон жилийн дайнд зүдэрсэн тул «Олгой нуурын» болон «Улаан будангийн» тулалдаанд хүч нь улам суларсаар Халхын гүн рүү жолоо залсан байна.
Ану хатан Ойрадын улс төрийн эв нэгдлийг эрхэмлэн үзэж хагарал зөрчлийг  гаргахгүй байхыг ямагт хичээж байжээ.
Манжийн Энх-Амгалан хаан өөрийн биеэр гурван замын зургаа түмэн цэрэг хөдөлгөн Галданг цохихоор нэхэж урагшилсаар тэдний эцсийн том тулалдаан Туулын гол орчим, Тэрэлжийн «Зуун мод»-ны газар 1696 онд болжээ, Төр улсаа эмхлэн хураах олон дайнд оролцох үед нь, Ану хатан Галдангийн дэргэд байж, «харах нүдний чимэг», халуун амийг нь хамгаалах хүч болж, зовлон жаргалаа хуваалцсан итгэлт жанжин нь болж явжээ.
Ану Галдангийн хатан  болоод хүү Сэвдэнбалжир, охид  Юнчихай, Бум нарыг төрүүлжээ. Төрсөн үр Сэвдэнбалжираа дайны хөлд алдан гашуудаж, нумын хөвчинд эрхий нь эвэршсэн үзэсгэлэнт хатан Ану  дээрхи өглөөнөөс үдэш болтол тулалдан тэмцэлдсэн «Зуун мод»-ны орчим болсом тулалдаанд оролцох үед тэрээр  Бошогт хааны хамт эрэлхэгээр тулалдан манж цэргийн хүрээг ярж зам гаргахаар тэмцэлдэж яваад дайсны суманд оногдон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь эрсдсэн юм.
     Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25 дугаар дэвтэрт өгүүлснээр: «..харах зэв хур бороо мэт .. миний үзсэн Ану/Дор/ хатан буунд оногдож үхсэн ... Галдан дөч, тавин хүн авч гарсан хэмээн сонгов» хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Ану хатныг Хангайн нурууны нэгэн газар оршуулж  “Хатант”  хэмээн нэрлэсэн байна. Энэхүү нэр нь цаг хугацаа өнгөрөх тусам ард олны дунд сунжиран хэлэгдсээр “Хотонт” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд өнөөгийн засаг захиргааны нэгжээр Архангай аймгийн Өлзийт, Хотонт сумынхан Ану хатныг сахиж үлдсэн өөлдүүдийн удам гэлцдэг. Ану хатны Зүүнгарын улс төрийн амьдралд оролцож байсан дээрхи баримтуудыг түшиглэн үзвээс Ану хатан тухайн үедээ Зүүнгар хаант улс дотроо ихээхэн нэр хүндтэй эмэгтэй байсан  бөгөөд Халх Ойрадын эв нэгдлийг хангахын тулд Халхын ноёдыг Зүүнгар хаант улсын талд татах мөн нөгөөтэйгүүр улс орныхоо төлөө Манжийн цэргүүдтэй тулалдаж эцэст нь өөрийн амиа зориулсан Зүүнгар хаант улсын түүхнээ тодорсон нэрт төрийн зүтгэлтэн эмэгтэй  байсан амуй.